БАРИЛГЫН ТЕХНИК МЭРГЭЖЛИЙН СУРГУУЛЬ
1974 онд Говийн бүсэд барилгын салбарын мэргэжилтэй ажилчин бэлтгэх зорилгоор тус аймагт Барилгын техник мэргэжлийн сургууль байгуулах тухай МАХН-ын төв хороо, Сайд нарын зөвлөлийн /хуучин нэрээр/ тогтоол гарч, уг тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс Барилга, барилгын материал үйлдвэрлэлийн сайдын 1974 оны гуравдугаар сарын 26-ны өдрийн 91 тоот тушаалаар тус сургуулийг үүсгэн байгуулжээ.
Анхны захирал
БАЛДАНГИЙН ХАЛТАР
Анхны багш нар
ЗҮҮН ГАРААС Б. ЭНХТУЯА, А. ГОМБО, Т. ГАНБОЛД, Р. ЧАНЦАЛ, Д. ДӨРВӨНЖИН, Ү. ЦЭРЭНДУЛАМ, Ю. БАЯРМАГНАЙ, Г. ТУЛГА
1975-1976 онд анхны хичээлийн жилийн элсэлтээ авч 200-гаад суралцагчтайгаар сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Б.Халтар нь 1975 оны гуравдугаар сарын 15-ны өдрөөс анхны захирлаар томилогдон, тус сургуулийн барилгын ажлыг эхлүүлэх, дуусгах, сургалтын орчин, материаллаг нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байв. Хичээл үйлдвэр эрхэлсэн орлогч захирал С.Пүрэв, ахлах мастер Г.Лантуу, нягтлан бодогч Б.Лодон, боловсон хүчин, бичээч Б.Тамжид, эмч Н.Сэрээтэр, жолооч Д.Маам, нярав С.Бүдбазар, тогооч Н.Дулмаа, мэргэжлийн онолын багш Р.Чанцал, Г.Тулга, Ю.Баярмагнай, Т.Ганболд, орос хэлний багш Л.Ууган, биеийн тамирын багш Д.Адъяа, Н.Адъяасүрэн, мастер багш Ц.Дагвадорж, Б.Энхтуяа, Ц.Данзандорж, Ү.Цэрэндулам, Д.Дөрвөнжин, А.Гомбо, Н.Сэрээнэндорж, байрын хүмүүжүүлэгч Ч.Шаравсамбуу, Н.Нямаа нар нь нутаг орондоо мэргэжилтэй ажилтан бэлтгэх давтагдашгүй үнэт түүхийг анхлан бүтээлцсэн юм. Мөн 1976 оноос Н.Дашням соёл хүмүүжил эрхэлсэн дэд захирлаар ажиллаж, сургалт хүмүүжлийн ажлыг удирдан зохион байгуулж, үнэт өв үлдээж чадсан нь суурь сайтай барилга он удаан жил сүндэрлэн байдгийн нэгээхэн жишээ болж байдаг юм.
Мөн ЗХУ-ын мэргэжилтэн В.И.Солодовников гэр бүлийн хамт, Данилов, С.С.Гардеев /1976-1979 он/, В.С.Островерхов, Е.А.Новосад /1980-1981 он/, И.А.Матусевич, Г.С.Бурцаев, В.Г.Жирнов, Е.И.Жирнова /1981-1984 он/, В.И.Каюк, А.В.Бугров, Е.Р.Федотовна, М.Г.Турнева /1983-1987 он/ нар тус сургуульд зөвлөхөөр ажиллаж үнэтэй хувь нэмэр оруулсан.
Анхны тодотголтой эдгээр захирал, багш, ажилтнууд ийнхүү түүхэн 40 жилийн шавыг амжилттай сайн тавьснаар тус сургуулийн түүхэн хөгжлийн бат бөх суурь, мандан бадрах хөгжлийн тулах багана болж чадсан юм.
1980-аад оны дунд үед зургаан мэргэжлээр нийт 350 гаруй суралцагчтай, мэргэжлийн ур чадвар өндөртэй мастер багш, гадаад дотоодын их дээд сургууль төгссөн 30-аад багш, 20-иод ажилтантай болж, 440 хүүхдийн хичээлийн байр, 204 хүүхдийн дотуур байр, 100 хүүхдийн багтаамжтай хоолны заалтай болсон бөгөөд сургуулийн материаллаг бааз бэхжиж, ажлын туршлага хуримтлуулсан.
1990–ээд оны дунд үеэс тус сургууль нийгмийн өөрчлөлт, эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан хэв шинжээ өөрчилж, МСҮТ болон өргөжсөн юм. Энэ үед барилгын салбар уналтад орсон учир үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр орон нутагт хэрэгцээтэй байгаа тогооч, оёдол эсгүүр, үсчин мэргэжлээр сургалт зохион байгуулж эхэлжээ.
Улс орны эдийн засгийн нөхцөл хүнд байсан нь мэргэжилтэй ажилтан бэлтгэх үйл явцад ч хүндээр тусав. Энэ хүнд хэцүү цаг үед С.Цээпил захиралтай МБСАЗТ мэргэжлийн боловсролын түүхэнд онцгой чухал үүрэг гүйцэтгэж, мэргэжлийн боловсролын хуулийг боловсруулан батлуулах, сургалтын хөтөлбөр төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах, мэргэжлүүдийн стандартуудыг боловсруулах, багш нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, хөгжүүлэх, сургууль бүрийг арга зүйгээр хангах зэрэг олон асуудалд анхааран ажилласан.
2000-аад оны дунд үеэс сургуулийн хамт олон нийгмийн хөгжлийн ерөнхий хандлага, аймаг орон нутгийн эдийн засаг, нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангахуйц үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын мэргэжилтэй ажилтан бэлтгэх, насны хязгаар үл харгалзан мэргэжил эзэмшүүлэх сургалт зохион байгуулах зорилтыг дэвшүүлэн амжилттай ажиллаж эхэлсэн юм.
2000 оны дунд үеэс МБСГ байгуулагдан, салбарын бодлого чиглэлийг тодорхойлон, мэргэжил арга зүйгээр хангаж, ЧСС-ын тогтолцоонд шилжиж эхэлсэн нь МБСБ-уудын хөгжлийн шинэ шатанд шилжих суурийг тавьж өгсөн юм.
2012 оноос Хөдөлмөрийн Яамны харьяа МБСБХЗГ байгуулагдан хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд тулгуурласан мэргэжилтэй ажилтан бэлтгэх, мэргэжлийн боловсрол сургалтын тогтолцоог хөгжүүлэх, ажиллах хүчний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, ажилтай орлоготой монгол хүнийг сургаж бэлтгэх явдлыг гол зорилтоо болгон ажиллаж байна.
Манай сургуулийн багш, суралцагсад өнгөрсөн 40 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн дадлагаар сургуулийнхаа 204 сурагчийн дотуур байр, хоолны газар, Аймгийн ЗДТГ, НААҮГ, Театр, Аймгийн хүнсний үйлдвэрийн барилга, 36, 48 айлын орон сууц, Дорноговь аймагт 120 ортой хүүхдийн эмнэлэг, цэвэрлэх байгууламж, Мах комбинат, Төв аймагт 10 жилийн сургууль, Өмнөговь аймагт Хүнсний болон БМҮ, Өвөрхангай аймагт театр, түүнчлэн сүүлийн үед аймаг орон нутагт баригдаж байгаа нийт 108 барилга байгууламжийг барихад оролцон, орон нутгийн хөгжилд, цаашлаад улс орныхоо бүтээн байгуулалтад тодорхой үүрэг гүйцэтгээд байна. Өнөөгийн байдлаар нийт төгсөгчдийн 70 гаруй хувь нь барилгын салбарт ажиллаж байгаа юм.
Тус сургууль нь 40 гаруй жилийн түүхэн хугацаанд Барилга, Үйлдвэрлэл үйлчилгээ, ХАА-н чиглэлээр нийт 10000 гаруй мэргэжилтэй ажилтныг бэлтгэн гаргажээ.
Ийнхүү аливаа цаг үе бүхэнд өөр өөрийн өнгө аяс бүхий зорилго, зорилт дэвшүүлэн, түүхэн үүргээ амжилттай гүйцэтгэж ирсэн нь мэргэжлийн боловсролын чиглэлээр хамтран ажилладаг бүхий л байгууллага, хамт олон, хувь хүмүүс, зорилго нэгтэй байгууллага олон түмний амжилтын үр дүн байлаа.
СУРГУУЛИЙН ХӨГЖЛИЙН ТҮҮХ /I ҮЕ/
1974-1984 он. Сургуулийн материаллаг баазыг бэхжүүлж, ажлын туршлага хуримтлуулсан он жилүүд
1963 онд Ардын Их Хурлын IV чуулганаар баталсан “Сургууль, амьдралын холбоог бэхжүүлж, ардын боловсролын системийг цаашид хөгжүүлэх тухай хууль”-д Техник мэргэжлийн сургуулийн талаар анх тусгасан байна. МАХН-ын Төв хорооны 1963 оны V бүгд хурлаар улс орныг үйлдвэржүүлэх, үйлдвэр-хөдөө аж ахуйн орон болгох, ард түмний аж байдал, соёлын түвшинг дээшлүүлэх талаар тавьж буй зорилтыг хэрэгжүүлэх нь улс орны барилга байгуулалтын ажлын хөгжилтэй салшгүй холбоотой гэж дүгнээд, 1964-1965 оны хичээлийн жилээс эхлэн урьд байсан барилгын дөрвөн сургууль комбинатыг улсын бүрэн хангамж бүхий Үйлдвэр техникийн сургууль болгон өөрчлөхийн хамт хэд хэдэн аймагт Техник мэргэжлийн сургууль байгуулахыг заажээ.
ТМС-ийн сурагчид улсын бүрэн хангамж эдэлдэг байв. Тухайлбал: Сурагчдыг суралцах хугацаанд нь байр, хувцас, хоол, хичээлийн хэрэгсэл болон бусад ахуйн соёлын хэрэглээгээр үнэ төлбөргүй хангадаг байв. Мөн ТМС-д суралцсан жилийг улсад тасралтгүй ажилласан хугацаанд нэмж тооцон, ТМС төгсөөд хуваарилагдан очсон залуу ажилчдыг эхний гурван сард жирийн ажилчны нормын 80 хувьтай тэнцэх ажил гүйцэтгүүлж, тарифт цалинг 100 хувь олгох зэрэг олон төрлийн хөнгөлөлт эдлүүлдэг байлаа.
Техник мэргэжлийн сургуулиудад ЗХУ-аас туршлагатай, мэргэжлийн ур чадвартай шилдэг мастеруудыг хоёр улсын хоорондын гэрээний дагуу ажиллуулж, тэднийг дагалдуулан монгол мастеруудыг сургадаг байв. 1976 оноос эхлэн ЗХУ-ын мэргэжилтнүүд манай улсад ирж ажиллан, үйлдвэр сургалтын дадлагын газар, анги танхимуудыг багш сурагчидтай хамтран тохижуулж, сургалт явуулах болжээ. Тухайлбал, тэр үеийн анхдагч гадаад мэргэжилтнүүд мужааны дадлагын ширээ, слесарийн дарханы ширээ, мужааны технологийн онолын кабинетийн иж бүрэн тохижилт хийж, сургалтад ашиглаж байлаа.
1970 онд манай улс нийт 21 Техник мэргэжлийн сургуультай, 9000 суралцагсадтай болсон бөгөөд улс ардын аж ахуйн бүх салбарт 20 мянган ажилчин төгсгөөд байв.
1970-1975 онд ТМС-ийн тоо 30 болж, жил бүр 6000 шахам хүнийг төгсгөж, 8000 гаруй охид хөвгүүдийг шинээр элсүүлдэг болсон билээ.
1975 онд тус сургууль анхны элсэлтээ авч, 205 сурагч, 13 багш, үйлдвэр сургалтын мастертайгаар анхны хичээлийн жилээ эхэлсэн билээ. Гэхдээ хичээлийн байр ашиглалтад ороогүй байсан тул “Муруй цагаан” гэгдэх урт цагаан байранд төвлөрч, суралцагсад аймгийн төвийн албан газар дамжин хичээлээ хийж, II гуанзанд гэрээгээр хооллож байв.
Анх хичээллэж байсан “Муруй цагаан” хичээлийн байр
Анхны багш, мастерууд нь хичээлийн байрын барилгын ажилд биечлэн оролцож, 1975 оны 12 дугаар сарын эхээр ашиглалтад оруулж байв. Сурагчдаа I давхарт нь байрлуулж, II давхарт хичээл сургалтаа зохион байгуулж байжээ.
Шинэ сургуулийн дээврийн ажлыг хийж гүйцэтгэж буй залуу багш нар
Багш нар хичээл сургалтын ажлаа зөвлөлдөж байна.
Хичээлийн байрыг тохижуулах, анги танхимд үзүүлэн таниулах хийх, сургуулийн материаллаг баазыг бүрдүүлэх, сургалтын орчинг бий болгохын тулд тухайн үеийн багш, мастерууд шаргуу ажиллахын зэрэгцээ тухайн үед төрөөс оноодог байсан улсын төлөвлөгөөг буюу элсэлт төгсөлтийн төлөвлөгөөг биелүүлэх нь хамгийн хүнд асуудал байсан бөгөөд уйгагүй зүтгэлийн үр дүнд уг төлөвлөгөөг хэрэгжүүлдэг байв.
1977 онд тус сургууль нь Барилга, барилгын материал үйлдвэрлэлийн яаманд харьяалагдахаа больж, Улсын дээд, тусгай дунд, техник мэргэжлийн боловсролын хороонд харьяалагдах болов. Ингэснээр хөрөнгө оруулалтын ихэнх хувийг төвлөрүүлэн эзэмшиж байсан Барилгын яамны халамжаас салж, төсөв санхүүгийн хувьд хүндрэлтэй болж эхэлсэн юм. Энэ үед тус сургууль нь нэг хичээлийн байр, Барилгын яамны хөрөнгөөр баригдаж эхэлж байсан 100 хүний гуанзны барилгатай байсан бөгөөд дотуур байр, дадлагын газар байхгүй, сургалт явуулахад туйлын хүнд байсан. Тэр үед дадлага хийх газрыг яамнаас тохоон томилдог байсан бөгөөд хэдийгээр багш, мастеруудын хувьд хүнд бэрх байсан ч хол газар явж сурагчдаа улсын нэн шаардлагатай барилга байгууламж дээр дадлага хийлгэдэг байсан юм.
Тус сургууль Өвөрхангай, Төв, Дундговь, Дорноговь, Өмнөговь аймгуудын ЕБС-ийн наймдугаар анги төгсөгчдөөс зохих хуваарийн дагуу элсүүлэн авч, мужаан, өрөгч угсрагч, шавар будаг, засал чимэглэл, сантехник, бетон арматур, материалын үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн угсрагч, засварчин зэрэг мэргэжлээр сургаж мэргэжил эзэмшүүлж, мэргэжлийн зэрэг олгон, 1977 онд анхны төгсөгчдөө барилгын байгууллага болон ХАА-н нэгдлүүдэд 200 шахам мэргэжилтэй ажилчдыг бэлтгэн гаргажээ.
Дотуур байрны бэрхшээлээс гарах, дотуур байртай болохын тулд сургуулийн захирал Б.Халтар аймгийн Барилгын VI трестэд удаа дараа санал тавьснаар тухайн үеийн барилгын удирдлага Н.Шагдаррагчаа барилгын явцыг түргэтгэж, улсын төлөвлөгөөнд тусгасан хугацаанаас хоёр жилийн өмнө ашиглалтад оруулснаар сургууль дотуур байртай болж, хол ойроос ирж суралцагсдын гол асуудал шийдэгдэж, сурагчдын сэтгэл ханамж болон элсэлтийн үр дүнд эерэгээр нөлөөлсөн юм.
1974-1984 оны хооронд сургуулийн материаллаг бааз ерөнхийдөө бэхжихийн сацуу салбарын хэмжээнд уламжлал болгон зохион байгуулдаг ТМС-ийн урлагийн үзлэг, спортын наадмуудад бүсээс шалгаран улсын уралдаан тэмцээнд амжилттай оролцон анхны алт, мөнгө, хүрэл медалиудаа хүртсэн байна.
1980 онд Төв аймгийн БУК-ыг түшиглэн салбар сургуулиа байгуулж, материаллаг баазыг бэхжүүлэх, багшлах боловсон хүчнээр хангах тал дээр анхааран удаа дараа арга хэмжээ авч хэрэгжүүлснээр 1984-1985 оны хичээлийн жилээс эхлэн бие даасан сургууль болсон юм.
1984-1994 он бол ТМС-ийн хэтийн чиглэл нийгмийн хөгжлийн явцтай уялдан өөрчлөгдсөн үе юм. Тухайн үед үйлдвэр сургалтын дадлагын газартай болж зохих тоног төхөөрөмжөөр ханган, сургалт үйлдвэрлэлийг хослон явуулж, төсвийн гаднах дансаар орлого оруулж, нийгмийн асуудлаа шийдэхийг гол зорилгоо болгож байв. Энэ хугацаанд Засгийн газрын тогтоолоор зээлээр орон сууц барих ажил эрчимжсэн бөгөөд тус сургууль аймагтаа анхны зээл авч багш ажилчдадаа орон сууц барьсан байгууллага болж байв.
Дундговь аймгийн БУК, Барилгын VI трестийн ажилчдын 74 хувийг тус сургуулийг төгссөн мэргэжлийн барилгачид бүрдүүлж байсан нь сургууль барилгын мэргэжилтэй ажилчдаар хангах үүргээ сайн биелүүлж байсныг харуулж байна.
Үүсгэн байгуулагдсаныхаа эхний 20-оод жилийн хугацаанд тус сургуулийн багш суралцагсад үйлдвэрлэлийн дадлагаар сургуулийнхаа 204 сурагчийн дотуур байр, хоолны газар, Аймгийн ЗДТГ, НААҮГ, Театр, Аймгийн хүнсний үйлдвэрийн барилга, 36, 48 айлын орон сууц, Дорноговь аймагт 120 ортой хүүхдийн эмнэлэг, цэвэрлэх байгууламж, мах комбинат, Төв аймагт 10 жилийн сургууль, Өмнөговь аймагт хүнсний болон БМҮ, Өвөрхангай аймагт театр гээд аймаг, орон нутгуудад нийт 108 барилга байгууламжийг барилцаж, улс орныхоо бүтээн байгуулалтад тодорхой үүрэг гүйцэтгэсэн юм.
Тус сургуулийн анхдагчид ажлаа төлөвлөж буй нь.
Сургууль үүсэн байгуулагдах үед ТМС-д суралцах явдал найм болон 10 дугаар анги төгсөгчдийн сонирхлыг огтхон ч татахгүй, энгийн хүмүүс болон багш нарын дунд ч сурлага, сахилгаар сулхан сурагчдыг ТМС-д явуулдаг гэсэн ташаа ойлголт тарж, мэргэжилтэй ажилчин болохын ирээдүйн ач холбогдлыг төдийлөн ойлгодоггүй байсан үе юм.
1975 онд анхны сурагчдаа элсүүлэн, 1977 онд анхны мэргэжилтэн ажилчдаа бэлтгэн төгсгөжээ.
1977 он. Мужаан мэргэжилтэй анхны төгсөгчид
Б.Энхтуяа багштай Барилгын засал чимэглэлийн мэргэжилтэй анхны төгсөгчид
Өнөөдөр тус сургуулийн анхны төгсөгчид улс орныхоо бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулаад зогсохгүй бүгд нэр алдартай, бүтээлч, хөдөлмөрч ажилтнууд болж, бусдыг удирдан манлайлж, мөн ТМС-д эзэмшсэн мэргэжлээрээ багшилж, олон мянган шавьтай, шавь нарынхаа хүндтэй багш болж чадсан байна. Анхны тодотголтой төгсөгчдөөс Ж.Мөнхтөр аймгийн нисэх буудлын даргаар ажиллахын сацуу иргэдийн итгэлийг хүлээж аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдоод байна. А.Цогбадрах ууган сургуульдаа 32 дахь жилдээ багшаар ажиллаж байгаа бөгөөд Д.Гэрэлмаа, С.Ичинхорлоо, А.Түмэнжаргал, Ц.Алтантуяа, П.Балжинням, Н.Чулуун, Т.Баярсайхан, Д.Ариунаа, И.Батбаатар, А.Даваажав, С.Тунгалаг, Ж.Мөнхтөр, Ц.Оюунцэцэг нар мэргэжлийн сургуульд олон жил үр бүтээлтэй ажилласан алтан гартай бурхан ухаантай мастерууд болж чадсан нь тухайн үеийн сургалтын чанар, үр дүнгийн нэгэн үзүүлэлт болж чадах биз ээ.
Төлөвлөгөө бол хууль. 1975-1979 онд элсэлтийн төлөвлөгөө биелүүлнэ гэдэг хамгийн хүнд асуудал байлаа. Тус БТМС-д Өвөрхангай, Төв аймгийн сумдын сургуулийн наймдугаар анги төгсөгчдийг элсүүлэн суралцуулах шийдвэр гарч, тойргийн аймгаас сурагчид элсүүлэх урт аянд тал тал тийшээ морддог байсан.
Барилгын ТМС-ийн анхны сурагчдыг Өвөрхангай аймгаас багш Р.Чанцал, жолооч Д.Маам нар авчирч байгаа нь. 1975 он
Яамдын сайд нарын хамтарсан тушаал гарч, улс орны нэн шаардлагатай барилга байгууламж дээр дадлага хийдэг байсан бөгөөд Хэрлэнбаян-Улааны отор тэжээлийн аж ахуй, Төв аймгийн 10 жилийн сургууль, Өвдөг худгийн тоосгоны үйлдвэр, Атрын сангийн аж ахуй, Дорноговь аймгийн Мах комбинат, цэвэрлэх байгууламж, Өмнөговь аймгийн Хүнсний үйлдвэр, Тоосгоны үйлдвэр БМҮ, Өвөрхангай аймгийн ХДТ-ын барилга барилцах зэргээр улс орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцсон билээ.
Сүүлийн жилүүдэд зарим багавтар хэмжээний барилга байгууламжийг бие даан барихаар гэрээ байгуулан, дадлага хийдэг болсон. Сургууль байгуулагдсаны дараах 10 жилийн хугацаанд тус аймгийн их бага 67 барилга байгууламжийг барихад оролцож, 16 бага хэмжээний барилгын гүйцэтгэгчээр бие даан ажиллаж ашиглалтад оруулсан байна.
1978 оноос өөрсдийн хүчээр байгуулсан дадлагын газар, анги танхимаа улам бүр сайжруулан, ажил мэргэжлийн анхны уралдааныг зохиосон. Анхны аваргаар мужааны ангийн сурагч А.Ганбат шалгарч байсан нь одоо түүх болон үлджээ.
1976 оноос зөвлөлтийн 14 мэргэжилтэн ирж ажиллаж байсан бөгөөд Белорусаас ирсэн Сергей Степанович Гордеев, Волгоградын Владимир Илич Солодовников, Казакстаны Владимир Илич Жирнов нарын алтан гартай мастеруудын хийж бүтээсэн зүйл одоо ч үнэ цэнээ алдаагүй хэвээр.
1974-1984 он буюу эхний 10 жилд сургуулийн материаллаг бааз улам бүр бэхжиж, 204 хүүхдийн дотуур байр баригдлаа. Энэ хугацаанд элсэлтийн улсын төлөвлөгөөг 98-100,6 хувиар биелүүлж, системийн хэмжээнд уламжлал болон зохиогддог ТМС-ийн урлагийн үзлэг, спартакиадад амжилттай оролцож, бүсээс шалгаран улсын хэмжээний уралдаан тэмцээнд оролцон анхны алт, мөнгө, хүрэл медалиа хүртсэн байна. Мөн 1979-1980 онд ажил мэргэжлийн улсын уралдаанд оролцож II байрт шалгарч байсан юм. Эхний 10 жил бол сургуулийн материаллаг баазыг бэхжүүлэх, өөрийн үндсэн боловсон хүчнийг бэлтгэж авахад ихээхэн анхаарч байсан үе юм.
Иргэний хамгаалалтын улсын уралдааны I байр
Сансрын анхны нисэгч, Монгол улсын баатар Ж.Гүррагчаатай хийсэн уулзалтын дараа. Сургуулийн багш ажилтнууд. 1982 он.
Арын эгнээнд мастер багш А.Гомбо, Б.Энхтуяа, Н.Гансүх, технологийн багш Н.Цэцгээ, биеийн тамирын багш С.Мөнхжаргал
СУРГУУЛИЙН ХӨГЖЛИЙН ӨНӨӨГИЙН ҮЕ
Дундговь аймаг дахь МСҮТ нь хөгжлийн 40 гаруй жилийн түүхэн хугацаанд барилга, үйлдвэрлэл, үйлчилгээ, хөдөө аж ахуйн салбарт 10,000 гаруй мэргэжилтэй ажилтан бэлтгэн гаргаж, төгсөгчдийн 67% нь хөдөлмөр эрхэлж байна.
Алсын хараа: Барилгын мэргэжилд суурилсан, бусад мэргэжлийг дагалдах байдлаар хөгжүүлсэн, шаталсан сургалттай цогцолбор сургууль болох.
Эрхэм зорилго: Хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөхүйц мэргэжлийн өндөр ур чадвартай, зөв хандлага төлөвшилтэй ажилтан бэлтгэх.
15 мэргэжлийн чиглэлээр мэргэжлийн боловсролын 2,5 жил, 25 мэргэжлийн чиглэлээр 1 жилийн сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй.
Сургалтын орчин давуу тал:
Ямар хөрөнгө оруулалтаар 2016 онд нэг ээлжиндээ 960 суралцагч хичээллэх хичээлийн байр, 200 хүүхдийн дотуур байр, спорт, урлаг заал бүхий цогцолбор сургууль шинээр ашиглалтад ор.
2019-2020 оны хичээлийн жилд сургуулийн захиргаа, сургалтын алба, аж ахуйн алба бүхий бүтэцтэй, барилга, үйлдвэр үйлчилгээ, ерөнхий эрдмийн 3 тэнхимтэй, нийт 68 багш ажилтан ажиллаж байна. Мөн энэ хичээлийн жилд 1 жилийн ангид 12 мэргэжлийн чиглэлээр, 2,5 жилийн ангид 8 мэргэжлийн чиглэлээр нийт 429 суралцагч суралцаж байна. Түүнчлэн мэргэжлийн ур чадвар эзэмшүүлэх сургалтууд, ХАБЭА-н болон мэргэшсэн жолоочийн сургалтыг зохион байгуулдаг.
Амжилт:
Тус сургуулийн багш суралцагчид нь улс бүс орон нутгийн чанартай уралдаан тэмцээнд тогтмол амжилттай оролцож шагналт байранд шалгардаг. Үүнээс:
Барилгын сантехникч мэргэжлийн ангийн суралцагчид монгол ур чадвар-2018 тэмцээний 2 шатанд дараалан тэргүүн байр Г.Адьяадорж, Х.Даваасүрэн дараалан 3-р байр эзэлсэн. Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын Барилгын сантехникч мэргэжлийн багш нарын “Улсын анхдугаар уралдаан” зохион байгуулагдаж мэргэжлийн багш Б.Цэрэнчунт 2-р байр эзэлсэн.