ОЁДЛЫН ТҮР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

 

 

 

Дундговь аймаг дахь Политехник коллеж нь аймгийн ХХҮГ, Хулд сумын ЗДТГ-тай хамтран Хулд сумын 20 иргэнд Оёмол бүтээгдэхүүний оёдолчин (072301) мэргэжлийн түр сургалтыг зохион байгуулж байна. Тус сургалт нь 28 хоногийн хугацаанд үргэлжлэх бөгөөд дараах чадамжийн нэгж, агуулгын хүрээнд явагдаж байна. Үүнд:

ХАБЭА-н шаардлагыг ханган ажиллах

Энтрепренершипт суурилсан хувь хүний ур чадварыг хөгжүүлэх

Материал сонгон ашиглах

Ажлын байр, багаж тоног төхөөрөмжийг ажилд бэлтгэх

Бүсэлхийн хувцас эсгэх, оёх

Цээжний хувцас эсгэх, оёх

Дээл эсгэх, оёх

Сургалтын байгууллага нь сургалтыг 2 үе шаттай зохион байгуулж байна.

1-р үе шат буюу сургалтын эхний 9 хоногт мэргэжлийн суурь ур чадвар олгох хичээлүүдээс гадна бүсэлхийн хувцас эсгэх, оёх, цээжний хувцас эсгэх, оёх, дээл эсгэх, оёх сургалтыг зохион байгуулж суралцагч бүр иж бүрэн ажлын хувцас (цамц, өмд), үндэсний дээл эсгэж, оёж гүйцэтгэсэн.

2-р үе шат буюу сургалтын 10 дахь хоногоос Политехник коллежийн зүгээс оёдлын цехийн захиалга, үйл ажиллагаанд шаардлагатай ажлын хувцасны загвартай болгох ажлыг эхлүүлсэн. Нийт 5 төрлийн ажлын хувцасны загвар гарган үлгэр байгуулж, суралцагчид үлгэрийн дагуу эсгэж оёх ажилбарыг багааргүйцэтгэж байна. Оёдлын цех нь цаашид тус загвараар захиалга авч үйлдвэрлэл эрхлэх юм.

Энэ оны 12-р сарын эхний 7 хоногт сургалтын үнэлгээ зохион байгуулагдах бөгөөд суралцагчид бие даан болон багаар хийж гүйцэтгэсэн бүтээлээр үзэсгэлэн гаргаж оролцоно. Сургалтыг Политехник коллежийн мэргэжлийн багш Б.Цэцэгноров (магистр, тэргүүлэх багш), Ч.Саранчимэг (магистр, тэргүүлэх багш), О.Цэнгэлмаа (магистр, зөвлөх багш) нар явуулж байна.

Хулд сум нь орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар оёдлын цех байгуулж тохижилтыг хийсэн бөгөөд цехийн ажилтнаа мэргэшүүлэх, улмаар ажлын хувцасны үйлдвэр байгуулж үйл ажиллагаагаа өргөтгөх, орон нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих зорилготой юм.